03/10/2026
МҮБХ-НЫ ТЭРГҮҮН Ц.МАГАЛЖАВЫН НАМРЫН НЭЭЛТИЙН БАРИЛДААНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ
Монгол өв соёл Үндэсний бөхөө дээдлэн хүндлэгч, монгол бөх сонирхогч эрхэм хүндэт зочиддоо, 2026 оны Намрын улирлын нээлтийн барилдаанд барилдахаар хүрэлцэн ирсэн энэ цагийн идэр хүчитнүүддээ, мөн эх орныхоо хангай, говь, алтайн уулс, уудам дэлгэр тал нутгуудаас цэнхэр дэлгэцээрээ үндэсний бөхөө сонирхон үзэж буй үзэгчиддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Жил бүрийн намрын улирлын нээлтийн барилдааныг бид бүхэн Үндэсний шилдэг байгууллага болох “Нутгийн Буян” Групптэй хамтран амжилттай зохион байгуулж ирлээ. Сүүлийн жилүүдийн намрын нээлтийн барилдаанаараа бид ирэх ондоо зохион байгуулах барилдаануудыг дурдах биш Монгол үндэсний бөхдөө тулгамдаж байгаа асуудлуудаас эрэмбэлэн нэн даруй шийдвэрлэх асуудлыг хэрэгжүүлэхээр УРИА гарган ажилладаг уламжлалыг бий болгоод байна.
Монгол үндэсний бөх нь үе үеийн ахмад буурлуудаас үр хойчдоо уламжлагдан зуун зууныг дамжин бидэнд ирсэн үнэт өв билээ. Спортын болон нийгмийн салбарын эрдэмтэн судлаачдын өнөөдрийг хүртэл хийсэн олон судалгаануудаас харвал одоогоос 150-200 жилийн өмнө байсан зарим тоглоом, наадгайг спортын төрөл, зүйл гэж тооцвол өнөөдөр тэдгээрээс 50 гаруй төрөл нь устсан гэж дүгнэсэн байгааг онцлон анхаарах хэрэгтэй. Үүнээс тодорхойлбол үндэстэн, ястан, овог аймаг нь мөхөхөд даган мөхсөн нь 35%, өөр бусад улс орны эрхшээлд орж устсан нь 27%, хөрш болон колончлогдсон үндэстнийхээ соёлд уусч, саармагжсанаас хөгжих боломжгүй болсон нь 16%, нийгмийн хөгжил буюу цаг үетэйгээ уялдаагүйгээс 22% нь түүх болон үлдсэн байна.
Анхааран үзэх энэ судалгаанд Монголчууд бидэнтэй холбоотой 2 бөхийн төрөл орсон байна. Үүний нэг нь Өвөр монголын зарим аймагт байсан шалбуур гэх бөх бөгөөд одоо өөр үндэстнүүдийн бөхийн төрөлтэй холилдсоноос хөгжил нь саармагжсан, нөгөө нь манай зарим хошуу нутагт байсан бух ноололдоон гэх барилдаан нь цаг үеээ даган хувьсан өөрчлөгдөж чадаагүйгээс устаж, түүх болон үлдсэн төрөлд орж байна. Юуны учир үүнийг анхааран дурдаж, болгоомжилж байна гэвэл өнөөдөр технологийн хөгжлийн хурд урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөр хэмжээнд хүрч, залуу үеийнхний хүсэл сонирхлыг хүчтэйгээр татаж байгаа нь биднийг арав, хорь, тавин жилийн дараах Монгол үндэсний бөхийнхөө үзэгч сонирхогчийн насны ангилал ямар байхыг анхааран үзэхээс аргагүйд хүргэж байна.
Энэ цаг үед барилдаж байгаа бөхчүүдийн сум, аймаг, дүүрэг, улсын баяр наадамд хэрхэн барилдаж байгааг анхаарах цаг нэгэнт болсон байна. Сумын болон зарим аймгийн наадмууд үзэгчгүй болж байгааг бүх шатандаа бид бүхэн нэгэнт мэдэж байгаа. Энэ харамсалтай үйлдлийг улсын баяр наадам руу хавтгайран орж ирэхээс хамгаалах, мөн сум, аймгийн наадмыг бөхчүүд үймүүлж байгаа байдлыг даруй таслан зогсоох нэн шаардлагатай боллоо.
Аливаа зүйл нь хөгжлийнхөө үе шатыг туулахдаа цаг үетэйгээ уялдан, зөв бодлого чиглэлээр тодорхойлогдон хөгжиж байдгийн адил, үндэсний бөх ч энэ цаг үед үзэгч олон түмнийхээ хүсэл сонирхолд нийцэж байх зайлшгүй шаардлагатай болж байна. Үүний тулд ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ зайлшгүй шаардлага тулгарч байгааг дурдахаас аргагүй байна.
Олон зууны уламжлалт ёс, жаяг, соёл болон спортын өрсөлдөөний хэв шинжид тулгуурлан оршин тогтнож буй үндэсний бөхийн хувьд нэн даруй анхааран шийдвэрлэх ямар асуудал байгааг МҮБХ-ны Удирдах зөвлөл, Ажлын алба, Ёс зүй, Сахилга хариуцлагын зөвлөл, мөн Дүрмийн, Хяналтын, Ахмадын зөвлөлүүдээс санал хүсэлт гаргаж ажилласаар байгаа. Үүнд хамгийн их саналыг өгч буй тулгамдсан асуудал нь өнөөдрийн хувьд БӨХЧҮҮДИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ болж байна.
Иймээс энэ жилийг бид ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЖИЛ болгон зарлаж, бөхчүүд ёс зүйн асуудлаас гадна найраа будлианд оролцохгүй байх хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөн ажиллах болсонг мэдэгдэж байна.
Нээлтийн бөхийн барилдаанаа тухлан сонирхоно уу.
Жич:
МҮБХ-ноос
2022-2023 оныг Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх жил,
• 2023-2024 оныг Шударга өрсөлдөөнийг эрхэмлэх жил,
• 2024-2025 оныг Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил,
• 2025-2026 оныг Соён гэгээрэл ба бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж энэ урианы дагуу зохих ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
2026.10.03