27/04/2026
Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний хамт олноос Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааныг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга А.Сүхбатад хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийг Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ болон дэвжээний бөхчүүдийн төлөөлөл гардуулан өглөө.
ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ
27/04/2026
ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ САЙХАН БАРИЛДЛАА.
Төв аймгийн Баянчандмань сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 120 бөхийн барилдаанд Баянчандмань сумын харьяат Монгол Улсын харцага Эрдэнэбилэгийн УУГАНБАЯР түрүүлж, Өндөрширээт сумын харьяат Монгол Улсын заан Доржхандын ХҮДЭРБУЛГА үзүүрлэж,
Заамар сумын харьяат аймгийн арслан Лхагвадоржийн ДАВААЖАМЦ их шөвгийн дөрөвт,
Баянхангай сумын харьяат Монгол Улсын заан Батзоригийн БАТМӨНХ дунд шөвгийн наймд тус тус шалгаран барилдлаа.
Төв аймгийн Дүнжингарав дэвжээний хүчит бөхчүүддээ халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ
13/04/2026
Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний хамт олноос Төв аймгаас төрөн гарсан Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ.
1.Баян-Өнжүүл сумын харьяат Монгол Улсын заан Цэдэндамбын Баярсайхан
2.Аргалант сумын харьяат Монгол Улсын заан Дорлигжавын Амгаланбаатар
3.Баянхангай сумын харьяат Монгол Улсын заан Батзоригийн Батмөнх
4.Өндөрширээт сумын харьяат Монгол Улсын заан Доржхандын Хүдэрбулга нарт
хүндэтгэлийг Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ болон дэвжээний бөхчүүдийн төлөөлөл үзүүллээ.
ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ
13/04/2026
ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ САЙХАН БАРИЛДЛАА.
Эрдэнэт хотын 50 жилийн ой, Монгол улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Монгол Улсын заан Доржхандын ХҮДЭРБУЛГА түрүүлж, Монгол Улсын заан Батзоригийн БАТМӨНХ их шөвгийн дөрөвт, Улсын харцага Эрдэнэбилэгийн УУГАНБАЯР шөвгийн наймт тус тус шалгарсан байна.
Төв аймгийн Дүнжингарав дэвжээний хүчит бөхчүүддээ халуун баяр хүргэж, улам их амжилт хүсэн ерөөе.
ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ
22/03/2026
ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН ЧУЛУУНБААТАРЫН БАТЧУЛУУН /1981-2026 он/
Монгол Улсын өсөх идэр начин Чулуунбаатарын Батчулуун 2026 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нас нөгчиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Ч.Батчулуун нь Төв аймгийн Баяндэлгэр суманд 1981 онд төрсөн бөгөөд бага наснаасаа эхлэн бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд аймгийн заан цол хүртэж, 2006 онд цолоо баталж, 2009 онд хоёр дахиа баталж, 2010 онд аймгийн арслан цол хүртэж, 2011 онд баталж, 2014 онд улсын баяр наадамд тав даван шөвгөрч, Монгол улсын начин цол хүртэж, 2017 онд цолоо баталж, өсөх идэр чимэг нэмсэн байдаг. Тэрбээр барилдахын зэрэгцээ зодог шуудаг урладаг авьяаслаг, арал, бяр тэгш дүүрэн бөхчүүдийн нэг байлаа.
Талийгаачийн хүнлэг, эгэл даруухан, нөхөрсөг, гүндүүгүй зан чанар, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн зам мөр, амжилт нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ
31/01/2026
ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЛУВСАНЧИМЭДИЙН СОСОРБАРАМ
Монгол улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Л.Сосорбарам арслан Төв аймгийн хуучнаар Баянбараат, одоогийн Баян-Өнжүүл суманд 1937 онд төрсөн.
ХААДС-ийг малын их эмч мэргэжлээр төгсөөд насаараа төрөлх сургуульдаа багшилсан бөгөөд бага залуу наснаасаа Монгол бөхөөр хичээллэж, улмаар 1959 оны МЗО-ны анхдугаар их наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 32 давж гуравдугаар байрт шалгаран улсын заан цол хүртсэн. Мөн оны улсын баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 1960 оны улсын наадамд тав давж шөвгөрөн тун ч тодорхой чимэг, 1961 оны улсын баяр наадамд идэр шаламгай чимэг, 1962 оны улсын баяр наадамд тав давж үнэн хүчит чимэг, 1963 оны улсын баяр наадамд долоо давж шөвгөрөн саруул сайхан чимэг хүртэж, 1963 оны наадмын дараа болсон МБАТ-ний хоёрдугаар спартакиадын 29 бөхийн тойргийн барилдаанд өвдөг шороодолгүй 28 даван түрүүлж улсын арслан цол авсан. 1964 оны оны наадамд зургаа давж, улам нэмэх чимэг, 1965 оны баяр наадамд тав даван шөвгөрч бат хүчит чимэг, 1968 оны баяр наадамд зургаа даван шөвгөрч бат хүчит чимэг, 1969 оны баяр наадамд зургаа давсан (чимэг олгоогүй), 1970 оны улсын баяр наадамд зургаа даван бат суурьт чимэг, 1971 оны баяр наадамд зургаа даван шөвгөрч тод сонин чимэг, 1974 оны баяр наадамд тав даван шөвгөрч саруул сайжрах чимэг, 1984 оны баяр наадамд тав даван шөвгөрч манлайн дэлгэрэх чимэг тус тус нэмжээ.
Тэрбээр баруун талтай, тахимдах, тойгдох мэхийг дадамгай хийдэг. Уран гараа дэвээтэй, хурдан шуурхай барилдаантай хүчит бөх байлаа.
Монгол бөхийн төрлөөр залгамж халаа, олон арван алдар цуут шавь бэлдэн төрүүлсэн гавьяаг нь үнэлж төр засгаас Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол олгосон байдаг.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, шогч, хөдөлмөрч зан чанар, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн олон арван амжилт бүтээл нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нар, ахан дүүс, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ
10/07/2025
🇲🇳Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Төв аймаг байгуулагдсаны 102, Ардчилсан хувьсгалын 35, Зуунмод хот байгуулагдсаны 83, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадамд хүчит 128 бөх зодоглож Төв аймгийн Баянхангай сумаас 14 жилийн дараа аймгийн начин Э.Чойням аймгийн арслан цол хүртэж, Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас 19 жилийн дараа сумын заан Э.Гантөмөр аймгийн заан цол хүртэж, Эрдэнэ сумаас 15 жилийн дараа сумын заан Т.Түмэнжаргал аймгийн начин цол тус тус хүртэж наадамчин олноо баясгалаа.👏👏👏
25/06/2025
ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ-ний ГАЛЫН СОРИЛГО БАРИЛДААН🔥🔥🔥
2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр, 12:00 цагаас
✅Хаана: Зуунмод хот "Баруун дэлгэрийн ам"
Нутгийн бөхчүүд, бөх дэмжигчид, бөхийн зүтгэлтнүүд болон бөх сонирхогч нутгийн зон олон та бүхнийг урьж байна.✌️✌️✌️
--------------------------------------------------------------------------
Хүндэтгэсэн:
ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ-ний Тэргүүн Баасансүрэнгийн Нямжав
17/08/2024
Баасансүрэнгийн Нямжав Тэргүүнтэй Төв аймгийн ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ-ний багш, дасгалжуулагч, бөхчүүдийн зүгээс #Дэлгэрхаан сумын харьяат аймгийн арслан Н.Баярбаатарын цолыг 10.000.000 сая ₮төгрөгөөр мялаан, хүндэтгэл илэрхийллээ.
Дэлгэрхаан сумаас 51 жилийн дараа аймгийн арслан цолтон төржээ.
Үндэсний бөхийн дээд цолонд хүрэх ерөөлийг өргөе👍👍👍