07/09/2026
Нэгэн цагт NBA-д гялалзаж явсан ч сэтгэл зүйн асуудлаасаа болж бодисын хамааралтай болж гудамжинд амьдарч байсан Delonte West хорт зуршлаасаа бүрэн татгалзаж, өөрийгөө ялж чадсан тухайгаа, мөн амьдралд нь олон эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн тухай стриймэр N3on-той ярилцах үедээ хуваалцсан байна.
Тэрээр өсвөр насандаа буюу дөнгөж 12 настайдаа үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамтанд орж сэтгэл зүйн хүнд цохилт авснаас болж тухайн үедээ амиа хорлох оролдлого хүртэл хийж байсан байдаг. Афро-америк болон индиан гаралтай түүний хувьд арьсны өнгөнөөсөө бага сургуульд байхаасаа л хоёр талын гадуурхалтад өртдөг байв. Хар арьст хүүхдүүд түүнийг "Цагаан арьстай" гэж дээрэлхэж, цагаан арьстнууд нь "Хар арьстай" гэж шоолон хавчиж, хаана ч очсон өөрт нь хүлээн зөвшөөрөгдөх орон зайгүй мэт сэтгэгдэл хүчтэй төрж, асар том сэтгэлийн дарамтад орж байжээ.
Амиа хорлох оролдлогоосоо болж сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч тухайн газар түүнд өгч байсан олон тооны эмнүүд нь түүнийг бүрэн өөрчилж, дотоод ертөнцийг нь бүрэн үгүй хийсэн гэж ярьж байсан удаатай. 13 өөр төрлийн эм бэлдмэл болон бага насны ганцаардал нь түүнийг өөрийн сэтгэлийн өвдөлтийг намдаахын тулд мансууруулах бодис, согтууруулах ундааг далд хэлбэрээр туршиж эхлэхэд хүргэсэн байна.
Ингээд бид бүхний сошиалд харж байсан нүд хальтрам дүр зургийн эзэн Делонте Уэст 2012 оноос хойш буюу NBA-с гарсны дараа санхүүгийн дарамтанд орж, сэтгэл зүй нь илүү гүн хямарснаар хар тамхи, согтууруулах ундаагаар дүүрэн тэрхүү амьдрал руу эргэлт буцалтгүй орсон юм.
Хүүхэд насны сэтгэл зүйн дарамтаа бүрэн эмчлээгүй, эмч нарын бичиж өгсөн эм бэлдмэлийг огт уулгүй, хар тамхи, согтууруулах ундаагаар аргацааж явсаар тэрээр "Хоёр туйлт сэтгэцийн эмгэг"-тэй болж, тэрхүү цаг үе буюу 2008 оноос асуудлууд ар араасаа хөвөрч эхэлсэн гэдэг.
Түүнийг Cleveland Cavaliers-т байхдаа Леброн Жэймсийн ээж Глориатай амрагийн харьцаатай байсан гэдэг яриа маш хүчтэй тархсан бөгөөд тэрээр 2012 онд энэ бүхнийг эрс үгүйсгэж хэлсэн үгэндээ:
"Энэ цуу яриа надад маш их нөлөөлсөн. Миний очсон газар бүрт хүмүүсийн асуудаг хамгийн эхний асуулт бол 'Чи үнэхээр Глориатай тэгсэн юмуу?' гэх яриа байдаг.
Хэрэв бид ухаант хүн төрөлхтөн юм бол иймэрхүү зүйлээр тоглоом, даажигнал хийснээр хүүхдүүддээ яг юуг зааж сургаж байгаа хэрэг вэ? Нэгдүгээрт тийм зүйл хэзээ ч болоогүй. Энэ яриаг хаанаас гаргаж ирснийг би мэдэхгүй.
Глориа бол маш хүчирхэг эмэгтэй. Тийм гайхалтай хүнийг хүмүүс нэр хүндийг нь унагаж, гутаан доромжлох зүйлс ярьж байгаа нь үнэхээр аймаар зүйл. Олон талаараа маш бузар үйлдэл." хэмээн ярьж байсан юм.
Харин тухайн цаг үеүүдэд багийн хамтран зүтгэгч байсан Леброн Жэймсийн талаар хэлэхдээ:
"Би 2009 онд хууль бус зүйл хийн баривчлагдаж, сэтгэл санааны гүн хямралд орсон үедээ Кливлендийн бэлтгэлийг хаяад явах гэж байхад Леброн бэлтгэлээ орхин хувцасны өрөөнд орж ирээд надтай цаг гаруй ярилцаж, сэтгэлийн дэм өгсөн. Леброн намайг шатаар буулгаж өгөхдөө 'Чи хаашаа явах гэж байгааг эсвэл юу хийх гэж байгааг чинь би мэдэхгүй байна. Гэхдээ чамайг эргээд ирэхэд би яг эндээ байж л байх болно шүү залуу минь.' гэж хэлсэн. Тэр үед миний сэтгэл санаа үнэхээр сэргэсэн. Хэрэв бидний хооронд тийм яриа болоогүй, би яг тэр хямралтай чигээрээ тэндээс гараад явсан бол юу болж дуусах байсныг үнэхээр таашгүй" гэж ярьж байжээ.
2021 онд Dallas Mavericks багийн эзэн асан Марк Кубан түүнтэй гудамжинд таарч, түүнийг сэргээн засах эмчилгээнд хамруулж, тусламж үзүүлсэн бөгөөд тухайн цаг үеэс хойш Уэст ахин хэд хэдэн удаа энэ асуудалтай орооцолдсон ч тухай бүрт нь өөртэйгөө, хорт зуршилтайгаа тэмцсээр ирсэн тухайгаа ярьсан байна. Тэрээр энэхүү хүнд хэцүү цаг үеүүдэд түүний хуучин багийн хамтрагчдаас LeBron James байнгын холбоотой байсныг дурдсан байна. Саяхан "N3on"-той хийсэн яриандаа тэр энэ талаар дурсахдаа:
"Надтай хамт тоглож байсан залуусаас Леброн бас түүний гэр бүлийнхэн залгадаг байсан. Тэр намайг сайн байгаа эсэхийг мэдэх гэж миний ээж рүү дандаа залгадаг байсан..
Хатагтай Глория ч бас миний ээж рүү байнга залгаж, түүний сэтгэл санаа, бие хааг нь асуудаг байсан.
Хатагтай Глория нэг удаа манай ээжээр дамжуулж ингэж хэлүүлсэн байсан. 'Цаадхандаа хэлээрэй. Би түүнийг харсан шүү. Асуудал үүсгэлгүйгээр өөрөө ухамсарлаж, энэ бүхнээ хурдхан цэгцлээрэй. Ухаантай бай хүү минь. Дараа намайг өөрөө явж очиход битгий хүргээрэй гэж.' хэлүүлсэн байсан." хэмээн ярьсан байна.
Хэдийгээр тэрээр амьдралынхаа хамгийн харанхуй, хүнд үеүүдийг туулж энэ хүрсэн ч амьдрал хэзээ ч дуусдаггүй, бүхнийг дахин эхлэх боломж үргэлж байдаг гэдгийг, Алтан наран өдөр бүр мандаж, дулаан илчээрээ бүгдийг нь адилхан ивээдэг гэдгийг, бүх зүйл дуусаж, явах гарцгүй болсон мэт санагдсан ч бас бүх зүйл яг тэндээс шинээр эхэлж болдог гэдгийг Делонте бидэнд харуулахаар хичээж байгаа нь, чадаж байгаа нь хамгийн гайхалтай.