30/09/2026
Манчестер Сити "Хуурмаг FC" болон хувирлаа: Тэд хамгийн хүнд ял шийтгэл амсах ёстой
Дэниэл Тэйлорийн нийтлэлийг бүрэн эхээр нь Sod орчуулав. Хөлбөмбөг, Примиэр лигийн асуудал хөндөгдөж байгаа тул оруулав
Нийтлэлийн өнгө аяс өөрчлөгдөх цаг нэгэнт болжээ. "Английн Премьер лиг үнэхээр Манчестер Ситиг дээд дивизионоосоо хөөж зүрхлэх үү?" гэсэн маргаан цаашид үргэлжлэх ёсгүй. Одоо харин өөр асуулт урган гарч байна: "Тэдэнд үүнээс өөр ямар шийтгэл оногдуулсныг зөвтгөж чадна гэж?"
Авч хэлэлцэх давж заалдах шатны үйл явц хүлээгдэж байгаа ч, эхний албан ёсны дүгнэлт нийтлэгдэж, тэдний заль мэх ямар том далайцтай байсан нь улам бүр тодорхой, аймшигтайгаар илрэх тусам хүмүүсийн хандлага улам чангарах нь гарцаагүй.
Бүх зүйл дардан, сайхан байна гэж хэн ч бодоогүй. "Сити" л юм чинь санхүүгийн тоо баримтууд нь ухаан алдам өндөр гарна гэдгийг бид мэдэж байсан. График, хуулийн маргаан, хэрэг сөхөх, харилцан буруутгах их сунжирсан бичиг цаасны ажил болно гэдгийг ч таамаглаж байв.
Тэгсэн ч гэсэн хараат бус комиссоос гаргасан эхний 40 хуудас дүгнэлтийг уншиж, тус клуб Английн хөлбөмбөгийн тэнцвэрт байдлыг өөрсдийн талд эргүүлэхийн тулд системээр нь хэрхэн тоглож, хууран мэхэлж, урвуулан ашиглаж байсныг нарийвчлан мэдэхэд үнэхээр шоконд ормоор байлаа. Муу зүйл болно гэдгийг мэдэж байсан ч "ийм аймшигтай" байна гэж хэн санахав? Энэ бол Премьер лигийн түүхэнд урьд өмнө хэзээ ч харж байгаагүй цоо шинэ түвшний залилан байв.
Абу Дабигийн хөрөнгө оруулагчид 2008 онд эрх мэдлийг авснаас хойш Английн хөлбөмбөгийн нүүр царайг өөрчилсөн тус клубийн талаар Мягмар гарагт Премьер лигээс нийтэлсэн баримт бичгийн ерөөсөө ганцхан гол хэсгийг аваад үзэе.
Энэ хэргийг анхааралтай ажиглаж ирсэн хэн бүхэн "Сити"-г сэжигтэй түншлэл, спонсорын гэрээнүүдээр дамжуулан санхүүгийн тайлангаа төөрөгдүүлж, "орлогоо зохиомлоор өсгөн, зардлаа бууруулж байсан" гэх зэмлэлд өртөөд байсныг мэдэх биз ээ. Харин одоо шалгагдсан есөн жилийн хугацаанд (2009-оос 2018 он) энэхүү хуурамч схемийн өртөг нь 900 гаруй сая фунт стерлингт ($1.2 тэрбум) хүрсэн нь баримтаар нотлогдлоо.
Товчхондоо, энэ бол сүйрэл. Эсвэл тэдний дүгнэлтэд дахин дахин дурдагдаад буй тэр нэгэн үгээр хэлбэл "залилан" (sham) юм.
Энэ хугацаанд "Сити" аваргын титэм хүртсэн гурван улирлыг (2011-12, 2013-14, 2017-18) жишээ болгон аваад үзье. Клубийн мэдээлснээр, тэд эдгээр жилүүдэд Абу Дабид байрлалтай спонсоруудаас 360 сая фунтын арилжааны орлого олсон гэжээ. Гэтэл комиссын тогтоосноор тэдгээрийн ердөө 43 сая фунт нь л хууль ёсны спонсорын орлого байжээ. Үлдсэн хэсгийг нь клубийн эзэн болох "Abu Dhabi United Group" (ADUG) далд шугамаар нууцаар нийлүүлж байсан байна.
Нийтдээ "Сити" есөн жилийн хугацаанд спонсоруудаас 949.4 сая фунт ирсэн гэж тайлагнасан. Гэвч бодит тоо ердөө 119.2 сая фунт байв. ADUG үлдсэн 830.7 сая фунтыг комиссын тодорхойлсноор "зүсээ хувиргасан санхүүжилтийн схемийн" дагуу далдлагдсан байдлаар бэлэглэсэн аж.
Эдгээр дэлгэрэнгүй баримтууд нь Английн хөлбөмбөгийн энэ шинэ хүчин зүйлтэй өрсөлдөх гэж хичээсэн ч ихэнхдээ ялагдал хүлээж байсан бусад клубуудын хувьд боломж хэр шударга бус байсныг бэлхнээ харуулж байна.
"Сити" есөн жилийн хугацаанд орлогоо 854.5 сая фунтээр өсгөж мэдүүлсэн гэж буруутгагдаж байгаа юм. Энэ мөнгөн дүн нь бусад таван "Том зургаа"-гийн гишүүн, дээр нь Эвертон, Ньюкасл Юнайтед, Вест Хэм Юнайтед гэсэн тэдний дотоодын өрсөлдөгчдөөс ердөө наймаас бусдынх нь тухайн хугацаанд олсон нийт орлогоос ч их юм.
Энэ бол цааш үргэлжлэх том түүхийн зөвхөн нэг хэсэг нь.
Комиссын дүгнэлтэд дурдагдсан хэргээ нуун дарагдуулах гэсэн үйлдэл, "шударга бус" гэрчүүдийн худал мэдүүлэг, "буруу мэдүүлсэн" санхүүгийн тайлан, комиссын ажилд саад болох, цаг хожих гэсэн оролдлогуудын талаар юу хэлэх вэ?
Хамгийн гол өгүүлбэрийг Премьер лигийн гүйцэтгэх захирал Ричард Мастерс хэлсэн юм: "Энэхүү сахилгын хэрэг болон гарсан шийдвэр нь Премьер лигийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал юм" гэжээ.
Энэ үгтэй маргах аргагүй. Английн хөлбөмбөгийг ингэж эрээ цээрээгүй, зальжин бөгөөд улаан цайм мэхэлсэн өөр ямар ч клуб байхгүй. Тэд олон жилийн өрсөлдөөнийг бузарласан бөгөөд зөвхөн үүнийхээ төлөө л гэхэд "Сити"-гийн хөгжөөн дэмжигчид хамгийн хүнд шийтгэлийг хүлээж авахад сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй болж магадгүй юм.
Энэ нь доод лиг рүү унах хэмжээний шийтгэл байж чадах уу? Энэ нь улам бүр гарцаагүй бөгөөд шударга шийдвэр шиг санагдаж байна.
Энэ мэт дараалсан хүнд гэмт хэрэгт өршөөл үзүүлж, зөөлөн хандах юм бол хөлбөмбөгийн дэлхийд асар том эсэргүүцэл, бухимдал дэгдэх болно. "Сити" ирэх ёстой ял шийтгэлээ амсах нь зүй ёсны хэрэг.
Манчестер хотод сүүлийн 30 жил амьдарч, тэднийг 3-р дивизиод байхаас нь эхлээд Мэйн Роуд цэнгэлдэхээс нүүх үе, мөн сүүлийн жилүүдэд Пеп Гвардиола, Мануэль Пеллегрини, Роберто Манчини нарын удирдлага дор үзүүлж байсан гайхалтай хөлбөмбөгийг нь шагшин магтаж явсан хүний хувьд үүнийг бичнэ гэдэг тийм ч таатай зүйл биш ээ. Клубийн хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ нь мэдээж асар том цохилт болно.
Гэвч албан ёсны бичиг баримтад "Сити" нь "дүрмийг маш ноцтой, далайцтай, тогтвортой бөгөөд санаатайгаар эсвэл улайран зөрчсөн" болохыг хар дээр цагаанаар тэмдэглэн үлдээжээ. Энэ нь сүүлийн хэдэн улиралд оноо хасуулж байсан Эвертон эсвэл Ноттингем Форестын зөрчлөөс хавьгүй илүү ноцтой юм.
Баримт бичигт "Сити" аваргын титэм хүртсэн багуудаа санхүүгийн заль мэх, өөрөөр хэлбэл дээд зэрэглэлийн "булангаар завшилтын" ачаар хэрхэн бүрдүүлж, санхүүжүүлснийг тодорхой дурджээ. Тэдний асар их баялаг нь жил ирэх бүр шилдэг дасгалжуулагчид, топ удирдах ажилтнууд, одод болон асар их наймааны зардлыг авчирч байв. Тэд энэ бүхнийг жирийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд өөр эрин үеийн спортдоо эргэн очихыг хүсэмжлүүлэм тийм асар их залилангийн механизмаар биелүүлжээ.
Комиссын тэмдэглэснээр тэдний энэ мэх хэд хэдэн хэлбэрээр явагдсан бөгөөд тус клуб "хуурамч тайлан гаргаж, AUDIT (аудит) болон хөлбөмбөгийн зохицуулах байгууллагуудаас санхүүгийн бодит байдлаа нуун дарагдуулсан" гэж тэмдэглэжээ.
Үр дүнд нь, хэрэв тэд орлого, зарлагаа бодитойгоор тайлагнасан бол Премьер лиг болон Европын хөлбөмбөгийн холбооны (УЕФА) санхүүгийн хязгаарлалтыг маш их хэмжээгээр зөрчих байсан юм. Гэвч тэд үүнийг хийгээгүй бөгөөд үүний ачаар бусад өрсөлдөгчдөд нь хориотой байсан их хэмжээний мөнгийг зарцуулах боломжтой болжээ. Тэдний энэхүү заль мэхээр цуглуулсан шуналтай их цомгуудыг нэг хараарай.
Манчестер Ситигийн ажилтнууд санхүүгийн тайлангаа будилуулж байх үед тэдний энэ үйлдэл хөлбөмбөгийн шударга байдалд том цохилт болсон юм.
Үүнээс ч илүү сэтгөл түгшээсэн зүйл бол "Сити"-гийн зарим "чухал гэрчүүд" комисст "хэд хэдэн зүйлээр худал" мэдүүлэг өгсөн явдал байв.
Зөвхөн энэ баримт л гэхэд тэднийг маш хүнд байдалд оруулж байна.
Энэ нь санаатай үйлдэл байсан уу? Хүмүүс мэдсээр байж худал ярьсан уу? Мэдүүлэг өгсөн зарим хүмүүс "өөрсдийн хэлсэн зүйлийг худал гэдгийг мэдэж байсан бөгөөд иймээс шударга бус загнасан" гэх дараагийн өгүүлбэрээс харахад тийм байх магадлалтай байна.
Магадгүй цаг хугацаа өнгөрөхөд бид энэ нь яг хэнийг зааж байгааг олж мэдэх байх. Тэдэнд хувь хүнийх нь хувьд ямар нэгэн арга хэмжээ авах болов уу? Шүүхийн танхимд бол үүнийг шүүхэд худал мэдүүлэг өгсөн хэрэг гэж үзнэ. Мэдээж хөлбөмбөгийн салбарт арай өөр л дөө. Гэсэн хэдий ч холбогдох хүмүүст нь зохих хариуцлага тооцсон гэж найдаж байна.
Энэ бүхнээс бидний дүгнэж болох цорын ганц зүйл бол тэд комиссын байр суурийг төөрөгдүүлж, системтэйгээр зохион байгуулсан далд явуулга, хамтран ажиллахаас татгалзсан үйлдлүүдээ нуун дарагдуулахыг хүссэн явдал юм.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр энэ нь "хуурамч гэрээ", "хуурамч арилжааны хэлцэл" болон бусад "хуурамч тохиролцоонуудыг" ашиглан тоо баримтыг манипуляци хийж, санхүүгийн шударга тоглолтын журмын дагуу асар их наймааны төлбөр, цалин өгөх боломжтой мэт харагдуулах хэлбэрээр явагджээ.
Мягмар гарагт Премьер лигээс гаргасан мэдэгдэлд "залилан" (sham) гэдэг үг нийт таван удаа дурдагдсан байв. Энэхүү дөрвөн үсэгтэй үг орчин үеийн "Сити"-г сүүдэр шиг дагах болно. Нийтийн сүлжээнд хэдийнэ тэднийг **"Sham FC" (Залилан ФК)** гэж нэрлэж эхэлжээ. Цаашид энэ нь улам бүр дордох болно. Үнэн гэвэл, үлдсэн бүх мөнгийг клубийн эзэд нууцаар шахаж байжээ.
Энэхүү залилангийн нэг жишээ бол тоглогчдын имижийн эрхийг худалдан авсан "Fordham" хэмээх аж ахуйн нэгжтэй хийсэн "эргэлтийн хэлцэл" байв. Комиссын мэдээлснээр үүний зорилго нь "клубт бодит байдлаас бага үйл ажиллагааны зардал тайлагнах боломжийг олгох" явдал байжээ. Нарийвчилсан мөрдөн байцаалтаар Fordham-ийг үнэндээ "ADUG санхүүжүүлж байсан" нь тогтоогджээ. Этохад цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа байх Давид Силва, Винсент Компани нарын хөшөөдийг нүдээ гараараа тагласан байдалтайгаар дүрсэлбэл илүү тохирох юм шиг санагдах шиг.
"Сити" өөрсдийгөө "бүх буруутгалд гэм буруугүй", шүүхийн асар том буруу шийдвэрийн хохирогч болсон, мөн энэ бүхний ард юу ч байхгүй хэмээн байр суурьтаа бат зогссоор байна. Тэдний хариу мэдэгдэл нэлээд шийдэмгий байв: *"Клуб нь аливаа шаардлагатай зохицуулалтын болон хууль эрх зүйн орчинд буулт хийхгүй, шаардлагатай бол проактив байдлаар ажиллах болно"* гэж мэдэгдэлд дурджээ.
Харж л байя.
Тэдний дэмжигчдийн ихэнх нь ямагт клубийнхээ талд зогсох болно. Гэвч бодит байдал дээр комиссын мөрдөн байцаалт гурван жил хагасын хугацаанд үргэлжилж, 42 өдрийн сонсгол хийсэн бөгөөд "Сити"-гийн энэхүү эсэргүүцэл нь Францын ерөнхийлөгч асан Жак Ширакийн гэх хамгаалалтын аргыг сануулж байна.
Францын өөр нэг ерөнхийлөгч Валери Жискар д'Эстен өөрийн политик өрсөлдөгч Жак Ширакийн тухай хэлсэн хуучны нэгэн ишлэлийг дурдвал: *"Жак Ширакийн ам нь чанамалаар дүүрчихсэн, уруулнаас нь дусалж, хуруу нь наалдчихсан, өмнө нь онгорхой чанамалын сав байхад та түүнээс 'Та чанамал идсэн үү?' гэж асуухад тэр 'Би юу? Чанамал идэх ээ? Хэзээ чгүй!' гэж хэлэх болно."*
Шейх Мансурын дээд тушаалын ажилтнуудаас хэд нь ийм "наалданги хуруутай" байсан бэ?
Наад зах нь "Сити" нэг талаас өөрсдийн гэм буруугүйг нотлох "няцаашгүй иж бүрэн баримт бичиг" байгаа гэж мэдэгдэж байгаа мөн нөгөө талаас сонсголын асар том хэсэг нь клубийн мөрдөн байцаалтад хамтран ажиллахаас татгалзсан тухай байгаад гайхах хэрэгтэй юм.
"Сити" энэ тал дээр "олон дахин дүрмийн зөрчил" гаргасан нь тогтоогдсон. За хэрэв тэдний баримтууд үнэхээр няцаашгүй байсан юм бол яагаад мөрдөн байцаалтын эхэнд бүх зүйлийг шилжүүлж өгөөгүй юм бэ? Яагаад тийм олон хүмүүс комиссын өмнө үнэнээ хэлээгүй юм бэ?
Асуулт дээр асуулт ундарсаар байна.
Гвардиола өнгөрсөн улирлын төгсгөлд "Сити"-г орхихдоо энэ бүхэн ирж байгааг гадарлаж байсан болов уу? Шинэ дасгалжуулагч Энцо Мареска ажлыг авахаасаа өмнө эрсдэлийг бүрэн ухамсарлаагүй байсан юм болов уу? Эсвэл тэд хоёулаа клубийн удирдлагуудын хэлсэн үгэнд хууртсан уу?
"Сити"-гийн гүйцэтгэх захирал асан, одоо Манчестер Юнайтедын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Омар Беррадагийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ? Юнайтед хөршүүдийнхээ өсөлтөөс болж хэрхэн хохирч байсныг бодоход түүний хувьд эвгүй байгаа нь гарцаагүй.
Премьер лиг 2018 оноос хойших үйл явдлыг мөрдөн шалгах зориг зүрхтэй юу? Хэрэв "Сити" шалгагдсан есөн жилийн хугацаанд 100 гаруй удаа дүрэм зөрчих чадвартай байсан юм бол сүүлийн найман жилд цэвэр цэмцгэр байсан гэж бид үнэхээр итгэж чадах уу?
Давж заалдах шат нь амжилттай болохгүй л бол одоогийн ТУЗ, ялангуяа гүйцэтгэх захирал Ферран Сориано цаашид үйл ажиллагааг удирдан чиглүүлэх боломжтой эсэх талаар хүндхэн асуултуудтай тулгарах болно. Мастерсын хэлснээр клуб "бараг арван жилийн турш Премьер лигийн dүрмийг системтэйгээр зөрчсөн" байхад тэд өөрсдийн албан тушаалаа хэрхэн зөвтгөж чадах вэ?
Тоглогчдын хувьд ямар байгаа бол? Тэд юу бодож байгаа бол? 2034 он хүртэл гэрээтэй Эрлинг Хоаландыг төсөөлөөд үз дээ. Эсвэл энэ зун Ноттингем Форестоос шинээр ирсэн Эллиот Андерсон. Эсвэл Челсигээс ирсэн шинэ цэрэг Энцо Фернандес. Тэдний хэн нь ч байсан яах вэ?
Бусад хүмүүсийн хувьд энэ нь Гарет Саутгейтийн Английн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа хэлж байсан шиг: "Спортод нь хайртай ч салбарт нь заавал хайртай байх албагүй" гэдгийг бас нэг сануулга болж байна.
Ирэх долоо хоног, саруудад бид олон "Сити"-гийн хөгжөөн дэмжигчид яг ийм байр суурийг илэрхийлэхийг сонсох болно.