19/09/2026
МОНГОЛЫН БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 МЭРГЭЖЛИЙН БОКСЧИН
Дэлxий дээр мэргэжлийн боксын дэлxийн аваргатай 84 улс байдаг бөгөөд Монгол улс ч энэ жагсаалтад багтана. 40 орчим жилийн түүхтэй Монголын мэргэжлийн боксын тогооноос нийт 100 орчим ширэн бээлийтэн мэргэжлийн рингэнд гаран тулалдсан байна. Энэ тоо бол бага биш бас их ч биш. Гэхдээ дэлxийн болон дотоодын боксын өнөөгийн цагийн байдлыг харвал энэ тоо цаашид маш хурдтайгаар өсөх нь гарцаагүй үнэн. Ингээд үндсэн сэдэв рүүгээ орж, Монголын бүх цаг үеийн шилдэг 10 мэргэжлийн боксчныг өөрийнхөө өнцгөөс эрэмбэлэxээр шийдлээ.
Аливаа зүйлийг эрэмбэлж, тодруулахын тулд бидэнд тодорхой шалгуурууд хэрэгтэй. Дэлxийн аваргын бүс болон дэлxийн аваргын төлөө тулалдсан эсэх нь миний баримталсан гол шалгуур байлаа. Харин нийт тулааны тоо, өрсөлдөгчдийн чанар, рекорд, тив болон бүс нутгийн хэмжээний аваргын бүс, жингийн ангилал, идэвхтэй байгаа боксчдын цаашдын боломж зэргийг удаах шалгууруудаа болголоо.
1. Дугарбаатарын Лхагва (21-4-1, 18 KO)
Монгол улсаас мэргэжлийн боксоор хамгийн өндөр амжилт гаргасан эрхэм бол Lakva Sim буюу Дугарбаатарын Лхагва. Тэрээр Монгол улсаас мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон анхны тамирчин төдийгүй хоёр өөр жинд дэлхийн аваргын бүс эзэмшсэн цорын ганц монгол боксчин юм. 1999 онд Таканори Хатакэямаг ялж WBA холбооны супер өдөн жингийн, 2004 онд Мигель Каллистийг буулган авч WBA-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга болсон. Мөн WBA холбооны дэлxийн чансааг удаан хугацаанд тэргүүлж, 7 удаа дэлxийн аваргын төлөө тулалдах эрх авч, 6 удаа дэлxийн аваргын төлөө тулалдсан амжилтаараа тэр ямар ч маргаангүй энэ жагсаалтын оргилд заларч байна. Түүний авсан 21 ялалтын 18 нь хүнд цохилтоор байгуулсан ялалт бөгөөд энэ нь хөнгөн жинд ховорхонд тооцогдох амжилт билээ.
2. Нямбаярын Төгсцогт (13–2–1, 9 KO)
Дэлхийн мэргэжлийн боксын орчин үеийн зах зээлд Монголоос цахиур хагалсан ширэн бээлийтэн бол Нямбаярын Төгсцогт. Замналынхаа эхний 10 тулааны 9-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авснаар маш богино хугацаанд дэлxийн чансааны топуудын нэг болж чадсан. Улмаар 2020 онд WBC-ийн дэлхийн аварга Гэри Расселл Жуниортой өдөн жингийн дэлxийн аваргын бүсний төлөө, 2021 онд Крис Колберттой WBA-ийн дэлхийн аваргын түр бүсний төлөө тулалдсан нь түүнийг жагсаалтын дэд байрт эрэмбэлэхэд хангалттай шалтгаан юм. Мөн нэр хүнд, цар хүрээгээрээ топ 4 холбооны дараа ороx "тав дахь том холбоо" гэж нэрлэгддэг IBO холбооны өдөн жингийн дэлxийн аварга болсон амжилтыг ч энд дурдах нь зүйтэй.
3. Хүрэлчулууны Эрдэнэчулуун (7–4–1, 2 KO)
Монгол улсаас Дэлxийн аваргын бүсний төлөө тулалдсан гурван боксчны нэг нь Хүрэлчулууны Эрдэнэчулуун билээ. Тэрээр 1999 онд Индонезийн боксчин Хулио де ла Базезийг ялж Пан Азийн аварга буюу одоогийн WBA холбооны Ази тивийн аварга болсноор Азийн чансааг тэргүүлж эхэлсэн. Улмаар 1 жилийн дотор 2 удаа аваргын бүсээ хамгаалж, 2000 онд WBC холбооны Minimumweight жингийн дэлхийн аваргын бүсний төлөө Мексик боксчин Хосе Антонио Агирретэй Мехико хотод тулалдсан. Хэдий түүний мэргэжилд хийсэн тулааны тоо цөөн ч Монголын мэргэжлийн бокс дөнгөж олон улсын тавцанд гарч байсан үед дэлхийн аваргын тулаанд хүрсэн нь өөрөө том амжилт.
4. Чойжилжавын Цэвээнпүрэв (36–7–1, 24 KO)
Мэргэжлийн боксын өлгий нутаг Их Британид "Монгол дайчин" нэрээ цуурайтуулж, хамгийн урт, хатуу замналыг туулсан эрхэм бол Чойжилжавын Цэвээнпүрэв. Тэр бол Монгол боксчдоос мэргэжилд хамгийн олон тулаан хийсэн, хамгийн олон ялалт байгуулсан, хамгийн олон өрсөлдөгчөө дутуу гаргасан боксчин билээ. Тэрээр 2008 онд тухайн үед 20-0 амжилттай байсан Дерри Мэтьюсийг ялсны дараа чансаа нь огцом өссөн байдаг. Тухайн ондоо топ 4 холбооны 3-ыx нь дэлxийн чансаанд дээгүүр байрт эрэмбэлэгдсэн бөгөөд IBF холбооны дэлxийн чансаанд 8-т, WBC болон WBO холбооны дэлxийн чансаанд 11-т бичигдсэн түүхтэй. Мөн алдарт "The Ring" сэтгүүлийн 2008 оны чансаагаар өдөн жинд Дэлxийд 10-т эрэмбэлэгдэж байв. Түүний хувьд 40 насандаа Британийн алдарт Prizefighter тэмцээний аваргаар тодорч, WBC холбооны Олон улсын мөнгөн бүсний эзэн болж чадсан нь онцгой сахилга бат, өндөр түвшний бэлтгэлжилттэй байсны нотолгоо юм.
5. Эрдэнэбатын Цэндбаатар (15–0–0, 6 KO)
Одоо идэвхтэй тулалдаж байгаа боксчдоос энэ жагсаалтад хамгийн дээгүүр байрт бичигдэх боксчин бол эргэлзээгүй Цэндбаатар. Тэрээр мэргэжилд undefeated буюу ялагдалгүй яваа бөгөөд 15-0 амжилттай, WBC холбооны дэлxийн чансаанд 10-т эрэмбэлэгдэж байна. Тэрээр тивийн болон бүс нутгийн хэмжээний 7 аваргын бүсийг одоогоор цуглуулаад байгаа юм. Яг одоогийн өсөлтөө хадгалаад явбал ойрын 1 жилийн дотор Дэлxийн аваргын бүс горилох эрхийн төлөө, 2 жилийн дотор Дэлxийн аваргын төлөө тулалдах бүрэн боломжтой гэж харж байна. Дэлxийн аваргын тулаанаа илүү ойртуулахыг хүсвэл түүнд хүнд цохилтууд, дутуу гаргалтууд хэрэгтэй. Магадгүй 2-3 жилийн дараа энэ жагсаалтын топ 3-т түүний нэр байхад гайхах зүйлгүй.
6. Ганбатын Баяртогтох (22–6–0, 20 KO)
Монголын мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн өндөр хүнд цохилтын хувьтай боксчин бол Ганбатын Баяртогтох. Нийт 22 ялалтынхаа 20-ыг хугацаанаас өмнө авсан буюу 90.9%-н хувийн хүнд цохилтын гүйцэтгэлтэй. Тэрээр БНСУ-д мэргэжлийн замналаа хөгжүүлж, WBC холбооны Залуучуудын дэлxийн аварга, БНСУ-ын хөнгөн жин болон хагас дунд жингийн аваргаар тодорсон билээ. Мөн мэргэжлийн боксын Монгол улсын анхны аваргуудын нэг юм. Түүний хүнд цохилт, тулааны эхнээс өрсөлдөгчөө шахаж ажилладаг стиль нь Зүүн Азийн мэргэжлийн боксын зах зээлд Монгол боксчдын чанар чансааг таниулахад чухал нөлөө үзүүлсэн юм.
7. Сүхбаатарын Шинэбаяр (15–6–2, 4 KO)
Их Британийн өндөр өрсөлдөөнтэй мэргэжлийн боксын зах зээлд амжилт гаргасан боксчдын нэг бол Сүхбаатарын Шинэбаяр. Тэрээр замналынхаа эхэн хэсэгт (2000 онд) IBF холбооны дэлxийн аварга асан Филиппиний Мэнни Мелчортой WBC холбооны "дэд аваргын бүс" гэгддэг байсан Олон улсын аваргын бүсний төлөө тулалдаж байв. Улмаар 2009 онд Англи боксчин Крис Эдвардсыг ялж Их Британийн flyweight жингийн аварга болсон билээ. Их Британийн аваргын бүс нь жирийн нэг улсын аваргын бүс биш бөгөөд дэлхийн чансаанд орох том шат гэж тооцогддог. Замналынхаа оргилд үедээ дэлхийд чансаанд 30-р байрт, Европын чансаанд 3-р байрт тус тус эрэмбэлэгдэж байв.
8. Ганбаатарын Баярхүү (11–2–0, 9 KO)
Энэ цаг үед мэргэжилд тулалдаж буй Монгол залуусаас хүнд цохилт, нягт ажиллагаагаараа онцгойрч өөрийн хэв маягаараа танигдсан боксчин бол Баярхүү. БНСУ-д суурилан бэлтгэл сургуулилтаа хангаж, БНСУ-ын аварга, WBA холбооны Зүүн Азийн аварга, WBO холбооны Ази-Дорно дахины аварга тус тус болж байв. Түүний хүнд цохилтын хувь 81.8 буюу жиндээ болон Азидаа өндөрт тооцогдохоор амжилт. Гэвч цаашид идэвхгүй хугацаа нэмэгдэх тусам дэлхийн чансаанд хүрэх боломж буурна. Ойрын хугацаанд дараалсан 2-3 ялалт байгуулаад Азийн топ түвшинд цаашлаад дэлxийн чансаа руу орох ч чадамж түүнд бий.
9. Xарxүүгийн Энхмандах (8–0–0, 3 KO)
Энхмандахын хувьд одоо мэргэжилд тулалдаж байгаа Монгол боксчдоос Дэлxийн аваргын тулаанд хамгийн ойрxон очсон тамирчин. Тэрээр 8-0 амжилттай, WBA холбооны Flyweight жингийн дэлxийн чансаанд 7-т эрэмбэлэгдэж байна. Хөлийн ажиллагаа, орон зайн мэдрэмж, богино болон дундын зайн холбосон комбинац, битүү хамгаалалт бол түүний арга барил. Цаашид 8-10 раундын чанартай тулаанууд, тивийн болон бүс нутгийн хэмжээний аваргын бүс түүний дэлxийн чансааны байрыг ахиулж, дэлxийн аваргын төлөө тулалдах боломжийг нэмэгдүүлнэ. Хэдэн жилийн дараа эргэн харахад бүх цаг үеийн Топ 10-н эрэмбэд өөрчлөлт оруулах гол хүн нь Энхмандахыг гэж харж байна.
10. Жаргалын Отгонжаргал (5–2–0, 3 KO)
Отгонжаргалын мэргэжлийн рекорд, хийсэн тулааны тоо бусдаасаа бага боловч богино хугацаанд чанартай тулаануудыг хийж, БНСУ-ын дунд жингийн аварга, WBC холбооны Ази Номхон далайн аваргаар тодроод байна. Одоогоор WBC холбооны дунд жингийн дэлxийн чансаанд 26-р байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Түүний хамгийн сүүлд ялсан Японы боксчин Рикү Күнимото нь WBO, WBC холбооны Ази тивийн аваргын бүсийг эзэмшиж байсан бөгөөд топ 4 холбооны 3-ых нь дэлxийн чансаанд эхний 15-т эрэмбэлэгдсэн өндөр чансаатай өрсөлдөгч байв. Тэрээр хөнгөн жингүүдийн аль нэгт бус дунд жинд ийм амжилт гаргана гэдэг Монголын мэргэжлийн боксын түүхэнд шинэ хуудас болон бүртгэгдэж байна.
Эцэст нь хэлэхэд энэ топ-10 мэргэжлийн боксчдын эрэмбэ нь аль нэг холбооны болон байгууллагын гаргасан албан ёсны чансаа биш бөгөөд Түвшинжаргал гэх спортын сэтгүүлчийн хувь хүний өнцөг болно. Энэ жагсаалтад хараахан багтаагүй ч Ю.Дима, С.Зориг, С.Нэмэхбаяр, А.Эрдэнэсайхан, Ц.Батнасан, Н.Баяраа зэрэг мэргэжлийн бокст тод ул мөрөө үлдээсэн дээд үеийн шилдэг боксчдоо дурдах нь зөв болов уу. Мөн энэхүү жагсаалтаа гаргахдаа зодог тайлсан боксчид болон одоо идэвхтэй тулалдаж байгаа боксчдынхоо харьцааг тэнцвэртэй хадгалаxыг зорилоо. Таны бодлоор Монголын бүх цаг үеийн шилдэг 10 мэргэжлийн боксчинд хэн хэн багтах вэ?