01/10/2026
🔶🫡 "ЖЭЙЛЭН БРАНСОНААС ИЛҮҮ БАЙХ ЦАГ ИРЭХ ХҮРТЭЛ️ БҮГД Л ТҮҮНЭЭС ИЛҮҮ БАЙДАГ" 🫡🔷️
Аливаа спортод аварга авсаны дараа тамирчид болон дэмжигчид бүгд л хязгааргүй баяр хөөрт автаж, хэмжээлшгүй их сэтгэлийн цэнгэл эдэлдэг нь ойлгомжтой явдал. Харин тэр их сэтгэл хөдлөл, баяр хөөр аажмаар намжиж эцэст нь сая нэг юм яг юу болж өнгөрөөд, ямар үйл явдлын гэрч болсоноо дахин тайвнаар бодохтойгоо болоод ирэх үед хүний оюун санаа тэс ондоо зүг рүү чиглэж эхэлдэг байна.
Чухам энэ үед хүн өөрт нь эргэлзэж, басаж байсан тэдгээр хүмүүс рүү анхаарлаа хандуулж эхэлнэ.
Амжилтын оргилд хүрсэн тамирчид дандаа л "Тэд бидэнд итгээгүй", эсвэл "Тэд одоо юу гэх юм бэ?" гэх мэт зүйлийг хэлдэг. Эдгээр нь өөрийнх нь нэр хүндийг доош нь татсан утгагүй шүүмжлэлд хариу барьж байгаагийн нэг хэлбэр л дээ. Амьдрал дээр ч гэсэн биднийг, эсвэл бидний ихэд утга учир өгдөг зүйлийг хэн нэгэн хүн үл хүндлэх юм бол тэр хүний хийсэн хэлсэн зүйл буруу байсан гэдгийг батлах тэр өдөр ирэхийг бид хүлээдэг шүү дээ. Хүний л амьдрал гэдэг шиг энэ бол хүний л төрөлх чанар.
Харин сагсан бөмбөгийн ертөнцөд 6 сарын 13-ны өдрийн тоглолт дуусч баззэр дуугарсаны дараа тэр бүх хорсол зэвүүцэл нэг л хүн рүү чиглэж эхэлсэн юм.
Тэр хүн бол Becky Hammon.
Юуны тухай болохыг ихэнх нь одоо ойлгож байгаа байх. Хэммон тэр ярилцлагадаа НБА-н сүүлийн 35 жилийн туршлага дээр үндэслэж санаа бодлоо илэрхийлсэн. 1989-90 оны Bad Boys Пистонсоос хойш түүний тэр бодлоо илэрхийлэх хүртэлх энэ хугацаанд зөвхөн нэг л багийн намхан холбогч хамгийн шилдэг тоглогч нь байж аварга авсан. Яг үнэндээ Bad Boys ч IT-аас бүрэн шууд хамааралгүйгээр хатуу ширүүн хахир хамгаалалтыг л илүү өөрсдийн үндсэн арга барил, давуу тал болгох замаар амжилтанд хүрсэн л дээ.
Гэхдээ энд ер нь л танай багийн хамгийн шилдэг тоглогч намхан, жижиг биетэй бол ялж чадахгүй гэсэн санаа яваад байгаа юм. Энэ хугацаанд уг ойлголтонд хамаараагүй ганц л хүн байсан нь Steph Curry бөгөөд тэр бол 3 онооны шидэлтэнд тэс өөр түвшний хувьсгал хийж сагсан бөмбөгийн спортыг үүрд өөрчилсөн нэгэн. Тэгэхээр хэрэв үнэхээр л бүтэн үеийг араасаа дагуулж хуйлруулах хэмжээний авьяас ур чадвартай, тэр чадварыг нь үнэлэхийн тулд бүхэл бүтэн соёлын үрийг тарьсан нөлөөллийг нь нэмж ярих хэмжээний тийм онцгой нэгэн л биш бол аварга авахын тулд танай багийн хамгийн шилдэг тоглогч хамгаалагчийн байрлалын намхан тоглогч байж болохгүй ээ гэж байгаа юм.
Энэ утгаараа Хэммоний хэлсэн санаа бол ерөнхийдөө буруу байгаагүй. Харин энэ санаагаараа тэр буруу хүнээ л тусгайлан онилсон юм.
Бэки өөр зөндөө л хамгаалагчийн байрлалын намхан тоглогчдыг цохон ярьж болох л байсан. Ja Morant, Donovan Mitchell, Damian Lillard, Kyrie Irving, ид үеийн Russell Westbrook, Trae Young, De'Aaron Fox гэх мэт олон л тоглогчид байсан. 2023 оны 12 сард түүний тэр ярилцлагаа өгөх үед болон түүнээс өмнө эдгээр тоглогчид бүгд багийнхаа Номер 1 сонголт байсан. Гэвч түүнд эдгээр залуусын алиных нь ч талаар ялагч биш гэж ам нээсэн удаа байхгүй.
Түүний асуудал бол энэ сэдвийнхээ гол байгаар Jalen Brunson-г сонгосонд л байгаа юм. Хэлсэн зүйлээ хожим хойно нь ахиж тайлбарлах шаардлагагүй байх магадлал түүний талд байсан байж болох ч илүү олны анхаарлыг татах зорилгоор Никсийн тоглогчийг ярьсан нь л түүний буруу болсон. Хорвоогоор дүүрэн хар мянган байдаг л нэг бөмбөг нухдаг ялагч биш тоглогчид дундаас тэр явж явж өөрийнх нь буруу гэдгийг хамгийн их батлах чадвартай нэгнийг чичилсэнд л хамаг учир бий.
Брансоны хийсэн зүйл бусдын дагаад л хийчих ноорог загвар байгаагүй. Энэ нь зүгээр нэг гадны нөхцөл байдал таатайгаар эргээд аз од нь шовойсон төдий ёндооны асуудал ч биш байсан. Энэ нь харин түүнийг яг л Көрригийн адилаар тэр тогтсон ойлголтыг эвдлэгчийн ховорхон эгнээнд нэгтгэж, өөрөөсөө хэд дахин давуу өгөгдөлтэй үлэмж биетнүүдийн өөдөөс бууж өгдөггүй тэмцэгч гэдгийг, орчин цагийн НБА-д намхан нуруу сул тал болдог бодит байдлыг өөрийн тоглолтын арга барилаар даван туулж харуулсан даацтайхан том мэдэгдэл байсан юм.
Сүүлийн хэдэн жил бид "Дараагийн Жэйлэн Брансон хэн байх вэ?" гэдэг асуултыг нилээдгүй сонссон. Хариулт нь хэн ч биш. Учир нь хэрвээ Жэйлэн Брансон шиг байх тийм л амархан байсан юм бол түүнийг Ларри О'Брайны цом өргөхийг хараад НБА даяар тэгтлээ цочирдохгүй л байх байсан шүү дээ.
Цаг хугацааны дарааллаар нь авч үзвэл энэ нь өөрөө маш гүнзгий утгатай түүх болно.
Үүргийн тоглогчийн хүү супер одын хүүгээс илүү амжилттай тоглогч болох магадлалтай гэсэн яриа байдаг бөгөөд яг энэ нь л Брансоныхан дээр биеллээ олсон. Яагаад гэхээр үүргийн тоглогчид одын хэмжээний нэр алдарт хүрэхэд юу тэдэнд хамгийн их саад болсоныг сайн мэддэг ба талбай дээр үргэлж шилдэг нь биш байх ямар байдгийг тэд дараагийн үедээ илүү тодоор дүрсэлж ойлгуулж чаддаг.
Бид Rick Brunson-ы Жэйлэнг багаас нь чадвар суулгахын тулд тултал шахаж, хөдөлмөрлүүлж, амжилтанд хүрэхэд ямар ч товчлох зам байхгүйг яс маханд нь шингэтэл ойлгуулж, супер од болох нь тодорхой гэгдсэн хүмүүсийнх шиг биеийн өгөгдөл тэр бүр байхгүй учраас түүнийгээ даван туулахын тулд хэрхэн өөрийн зүгээс чадах бүхнээ хийх ёстойг зааж сургаж өсгөсөн талаар тоймгүй их түүхийг сонсож уншиж байсан билээ.
Бид Брансоны яг тэр чанарыг карьерийнх нь турш л харж байна. Түүнд дараагийн шатанд гарахын тулд үргэлж л бусдад өөрийгөө батлах шаардлага гарсаар ирсэн. Тэр үргэлж шаргуу хөдөлмөрлөж, нэг түвшиндээ гацахгүйн тулд байнга л тоглолтын арга барилаа өөрчилж ирсэн. Тэр тогтсон ганц үүрэг рольд өөрийгөө хазаарлахыг огтхон ч зөвшөөрдөг тоглогч биш. Түүний хөдөлмөрч чанар бол өөр хэнтэй ч харьцуулшгүй онцгой түвшинд яригдах бөгөөд чухам энэ чанар нь л түүнийг өнөөдөр энд авчирсан юм.
Дараагийн түвшинд шилжихийн тулд тоглолтоо үргэлж хувьсгадаг түүний нэг жишээ бол хөөргөлттэй шидэлтээ өөрчилсөн явдал. Брансонг аль Villanova-д байхдаа хөөргөлттэй шидэлт бараг л хийдэггүй байсан гэдгийг та мэдэх үү? Одоо түүний хамгийн шилдэг зэвсэгүүдийн нэг нь өмнө нь түүний хувьд таньж мэдэхгүй харь холын зүйл байлаа шүү дээ. Брансон коллежид тоглосон нийт хугацаандаа 1-ийн эсрэг 1 хөөргөлттэй шидэлтийг ердөө 4-хөн удаа, рүүкий жилдээ ганцхан удаа гүйцэтгэсэн байдаг бол 7 жилийн дараа тэрээр энэ шидэлтийн гүйцэтгэлээр лигийг даруй 100+ үзүүлэлтээр тэргүүлж, энэ шидэлтийн үр ашигтай байдлаар 3-т жагсаж байна.
Залуу Брансон коллежид байхдаа ч бусад ихэнх тоглогчоос намхан байсан хэрнээ ийм төрлийн довтолгооны чадварыг яагаад аль эртнээс эзэмших гэж үзээгүй байдаг билээ? Үүний дийлэнх шалтгаан нь магадгүй Villanova-гийн дасгалжуулагч Jay Wright-ын хамгаалан тоглогчдыгоо хөөргөлттэй шидэлт зориуд хийлгэдэггүй байсантай холбоотой байж болох юм. Wildcats-ын тогтмол өндөр түвшинд тоглосон нийт 6 жилийн хугацаанд тэд хөөргөлттэй шидэлтийн гүйцэтгэлээр дандаа адагт орсон нь тохиолдол биш болж таарч байгаа юм.
Врайт тоглогчдыгоо бүх л нөхцөл байдалд үргэлж 2 хөлөн дээрээсээ довтолгоо төгсгөхийг шаардаж ирсэн дасгалжуулагч. Энэ бол түүний тоглогчдыгоо кампуст орж ирсэнээс нь авахуулаад л бэлтгэл бүр дээр тэдэнд суулгадаг суурь арга барилуудынх нь нэг.
Хэрэв Брансоны коллежийн тоглолтуудын бичлэгийг үзвэл түүнийг өнөөдрийн түвшинд хүргэсэн хөлийн ажиллагааг нь сайтар анзаарах болно. Чадварлаг баатрыг бүх л тосгоноороо нийлж өсгөн бойжуулдаг гэдэг шиг Брансон энэ мэтээр олон жилийн турш коллежийн өндөр түвшний системд суралцан хөгжүүлсэн өөрийн төгс гэмээр хөлийн ажиллагаан дээр сүүлд нь хөөргөлттэй шидэлтийг чадварлагаар нэмж эзэмшсэнээр түүний тоглолт улам л орон зай, цаг хугацааг өөрийн талд эргүүлэх давуу талтай болсон байгаа юм. Нэгэнт эрх чөлөөг нь олгосноор тэр өөрийн арга барилд энэ 2 чадвараа бүрэн дүүрэн зэрэг ашигладаг болж чадсан.
Далласт тоглож байсан үеийнх нь сүүл хэсэгт довтолгоондоо хөөргөлттэй шидэлтийг илүү их хийж эхэлсэнээр бид Нью Йоркийн Брансоны эхэн үеийг тэндээс олж харж болно. Тэр тэгэхэд зүгээр л Luka Doncic-д хэт тулгуурласан системд өөрийнхөө тоглолтын арга барилыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нуугдмал байсан юм. Харин боломжийг нь олговол түүний юу хийж чадахыг бид ялангуяа 2022 оны Жаззын эсрэг плэй оффын цувралд харж байлаа шүү дээ.
Тийнхүү Брансон эцэст нь Нью Йоркт ирсэн нь үнэхээр цагаа олсон тохиол болсон юм. Тэр өөрийн танил дассан газартаа эргэж ирэн өөрийг нь агуу нэгэн болгоход тусалсан бүх суурийг тавьж өгсөн аавынхаа дор, олон жил нөхөрлөсөн дотны найзууд, гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ цуг, бөмбөгний эрх мэдлийг бүрэн дүүрэн өөрт нь олгохоос эхлээд бүх талаас өөрийг нь дэмжих систем бүхий орчинд ирсэнээр коллежид байхаасаа л уйгагүй хичээллэж сайжруулж ирсэн хөлийн ажиллагааг Далласт хангалттай минут тоглохын төлөө шаргуу хөдөлмөрлөж өнгөлсөөр элит түвшинд хүргэсэн шидэлттэйгээ хослуулж, энэ бүхнийг хийхийн хажуугаар мөн амьдралынхаа турш хийсээр ирсэн нэг л зүйлийг хамтдаа хийсээр өдий хүрсэн байна. Тэр нь юу гэвэл: бусдын буруу байсныг батлах.
Магадгүй бид ийм зүйл болно гэдгийг илүү сайн таамаглах л ёстой байсан байх.
Түүнээс бас маш ихээр харагддаг сагсан бөмбөгийн ур чадвартай нь шууд хамааралгүй нэг чанар байдаг.
Брансонд өөр хаана ч тэр бүр харагдаад байдаггүй нэг тийм хуучин цагийн Udonis Haslem-рхуу хур туршлагатай тоглогчийн манлайлах чанар байдаг юм. НБА-н аварга аваагүй, тэрэнд бүр ойртоо ч үгүй байхдаа л түүний биеэ авч яваа байдал угийн аварга шиг л байсан.
НБА-н тоглогчийн хүү байсны хувьд юуг хийж болох болохгүйг ой тойндоо маш сайн ойлгож ухамсарласны шинж ч байж мэднэ. Рик ч алдаа гаргадаггүй төгс хүн байгаагүй учраас Жэйлэн бага залуу байхаасаа л аавынхаа алдаанаас ч мөн суралцсанаар өнөөдрийн энэ төлөв даруу, төвөг бэрхшээл үүсгээд байдаггүй од тоглогчийг бүтээсэн байх.
Энэ лигт эрх танхи, ааш нь олдохгүй нөхдүүд их байдгийг та мэднэ. Гүтгүүлж шүүмжлүүлээд ирэхээрээ Твиттерийн хуурамч хаягаар янз бүрийн зүйл бичдэг явдлыг бид харж байлаа. Хэвлэл мэдээллээр шууд бусаар багийнхныгаа ёвордог хүмүүсийг ч харж байв. Мөн бусад багийн фэнүүд, хэвлэлтэй илт дайсагналцаж хууль эрхзүйн хэмжээнд асуудалд ордог тоглогчдыг ч зөндөө л харсан. Энэ бүх анхаарал сарниулах маргаан зөрчилдөөн, төлөвшөөгүй байдал эцэстээ хүнийг өөрийг нь л залгиж дуусна. Ялангуяа Нью Йорк шиг хэмжээний хэвлэл мэдээлэлтэй газарт бол бүр л зажлахгүй залгиулна.
Гэвч Никст ийм зүйл болдоггүй нь багийн лидер, капитанаасаа эхлэлтэй. Тэд харин бие биенийгээ үргэлж дэмждэг ахан дүүс шиг тоглож, тоглолтын эхнээс ам руугаа алгадуулах мэт олон оноогоор хожигдсон ч бууж өгөлгүйгээр нэг нэгнийгээ өргөж босгон хамтдаа урагшилсаар өдий хүрсэн. Хамгийн гол нь ямар нэг зүйл буруугаар эргэлээ ч тэд хэзээ ч бусад руугаа хуруу чичилдэггүй юм.
Тийм ч болохоор хүмүүсийн зүгээр нэг "*...* гэдэг холбогч хэрэв түүн шиг туслахуудтай байсан бол бас л ялах байсан" гэж хэлдэг дүгнэлт үнэндээ л утгагүй бөгөөд маш залхуу санагддаг юм. Жишээ нь Кайри Өрвингийг Брансонтой маш их ийм байдлаар харьцуулж хэн нь илүү вэ гэсэн мэтгэлцээн хүртэл байнга хийж байсан удаа байдаг.
Брансон шүү дээ. Гүйцээ! Учир нь Өрвинг баг манлайлах болгондоо бүтэлгүйтсэн.
Брансонд байгаа шиг багийн бүрэлдэхүүн түүнд байгаагүй гэж донгосохоо болих хэрэгтэй. Мэдээж 2017-19 онд 2 Жэй балчир байсан нь тийм ч хангалттай нөхцөл байдал биш байсан байж болох ч чухам яг энэ нөхцөл байдлыг Өрвинг гартаа аваад жаахан цаг өгч байгаад сайхан зүйл бүтээж болох л байсан. 2 гарааны залуу нь бааранд орж уух насандаа хүрээгүй, Gordon Hayward хөлөө гэмтээж улирлаа дуусгасан ч гэсэн тэд Дорнод Бүсийн шигшээ хүртэл явах хэмжээний л баг байлаа шүү дээ. Харин тэрний оронд тэр бас л ааш нь олдохгүй янз бүр болж байгаад багийн "гол хүн" байхаас татгалзаж эцэст нь Брүүклинд KD, James Harden нарын хамтран туслагч болох замыг сонгосныг бүгд л мэднэ.
Ингээд энэ бүхнээр эцэст нь нэг л зүйлийг дахиад хэлье.
Бэки Хэммон зөв ярьсаан. Жижиг биетэй, намхан хамгаалан тоглогчид багийн номер 1 сонголтын дүрээр бараг л хэзээ ч аварга авч чадахгүй. Тэгэхийн тулд "1A" нөхөр байх хэрэгтэй.
Гэвч тэр энэ санаагаа илэрхийлэхийн тулд хамгийн буруу хүнээ онилсон. Учир нь түүх Брансонг бүх магадлалын эсрэг бут цохиж НБА-н ертөнцийг гайхшруулах хэмжээний дүрмийн гажуудлыг бий болгосноор нь үүрд эргэн санах болно.