06/08/2026
СТРЕССЭЭ ОЙЛГОЁ -9
Стрессийг бидний бие хэрхэн хүлээж авдаг вэ?
Стресс гэдэг нь зөвхөн сэтгэл санааны асуудал биш.
Энэ бол тархи, мэдрэлийн тогтолцоо, дааврын тогтолцоо, дархлааны тогтолцоо зэрэг бүх бие хамтдаа ажилладаг хамгаалах хариу үйлдэл юм.
Жишээлбэл, та зам хөндлөн гарч явахад машин гэнэт урдуур тань орж ирлээ гэж төсөөлье.
Тэр мөчид таны тархи аюул байгааг агшин зуур мэдэрч, мэдрэлийн тогтолцоогоор дамжуулан бүх биед дохио илгээдэг.
Үүний дараа бөөрний дээд булчирхайгаас адреналин болон бусад стрессийн дааврууд ялгарч эхэлнэ.
Эдгээр даавар нь биеийг аюултай нөхцөлтэй нүүр тулахад бэлэн болгодог.
Үүний үр дүнд:
• Зүрхний цохилт хурдасна.
• Цусны даралт нэмэгдэнэ.
• Амьсгал олширч, илүү их хүчилтөрөгч авна.
• Цус гар, хөлний булчин руу илүү их очно.
• Анхаарал, сонор сэрэмж, хараа илүү хурц болно.
• Харин тухайн мөчид амьд үлдэхэд чухал биш гэж үзсэн хоол боловсруулах, өсөлт, нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаа түр удааширдаг.
Энэ бүхэн маш хурдан, бараг агшин зуур болдог.
Учир нь биеийн хамгийн эхний зорилго бол таны амийг хамгаалах юм.
Энэ хамгаалах урвал зөвхөн мэдрэлийн тогтолцоогоор хязгаарлагдахгүй.
Дааврын тогтолцоо, дархлааны тогтолцоо, зүрх судас, амьсгалын тогтолцоо зэрэг олон систем нэгэн зэрэг хамтран ажилладаг.
Харин аюул өнгөрсний дараа бие өөрийгөө тайвшруулах системээ идэвхжүүлдэг.
Зүрхний цохилт хэвийн болж, амьсгал жигдэрч, булчин суларна.
Мөн хоол боловсруулах, нөхөн сэргээх, эдгэрэх үйл ажиллагаа дахин хэвийн үргэлжилж эхэлдэг.
Тэгвэл орчин үеийн стресс юугаараа өөр вэ?
Эрт үед хүмүүсийн өмнө тулгардаг аюул ихэвчлэн богино хугацаанд үргэлжилдэг байсан.
Харин өнөөдөр бидний ихэнх стресс нь:
Ажлын дарамт,
Санхүүгийн асуудал,
Гэр бүлийн харилцаа,
Эрүүл мэндийн айдас,
Ирээдүйн талаарх санаа зовнил
зэрэг удаан үргэлжилдэг нөхцөлөөс үүсдэг.
Эдгээр нь биднийг зугтааж ч болдоггүй, нэг дор шийдэж ч болдоггүй асуудлууд.
Гэсэн хэдий ч тархи тэдгээрийг мөн л бодит аюул гэж хүлээж авсаар байдаг.
Ингэснээр мэдрэлийн тогтолцоо, дааврын тогтолцоо удаан хугацаанд идэвхтэй хэвээр үлдэж, улмаар дархлааны тогтолцоо, хоол боловсруулах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд ч нөлөөлж эхэлдэг.
Тиймээс удаан хугацааны стрессийн үед зөвхөн сэтгэл санаа биш, бүх бие аажмаар ядарч эхэлдэг.
Аз болоход бидний биед зөвхөн хамгаалах систем байдаггүй.
Мөн өөрийгөө тайвшруулж, тэнцвэрээ сэргээх систем бий.
Дараагийн постоор тайвшруулах систем хэрхэн ажилладаг талаар хуваалцах болно.
Иог бясалгалын багш, Хувь хүний хөгжлийн сургагч багш Ж.Гэрэлмаа
#Иог #Бясалгал #СтрессМенежмент #СтрессээУдирдах #ӨөрийгөөОйлгох #ӨөрийгөөТанинМэдэх #ӨөрийгөөХөгжүүлэх #ТэнцвэртэйАмьдрал #АзЖаргалтайАмьдрал #ЭрүүлАмьдрал
05/08/2026
05/08/2026