Бүртгэлтэй холбоотой мэдээллийг www.fcderen.com хаягийн Аcademy цэсээс аваарай.
БИДНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2008 оноос үйл ажиллагаа явуулж буй Дэрэн клуб нь хөлбөмбөгийн спортоор дамжуулан Монголын ирээдүйг бүтээгч иргэд болсон хүүхдүүдээ ЗӨВ ХҮН болж төлөвшихөд нь хувь нэмрээ оруулах төдийгүй Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.
Бид анх Хан-Уул дүүргийн хүүхдүүд, түүний дотор ялангуяа а
р гэрийн боломж муутай, хөлбөмбөг сонирхогч хүүхдүүдэд дуртай спортоороо хичээллэх боломжийг бүрдүүлж, өсөж хөгжих, хамтын спортоор дамжуулан амьдралын ухаанд суралцаж, зорилготой, зорилгодоо хүрэх шантрашгүй зүтгэлтэй, өөртөө итгэлтэй болохыг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд хүүхэд багачуудыг тогтмол оролцуулдаг бөгөөд үүний гол ач холбогдол нь багийн хүүхдүүд дасгал сургуулилт, хичээл зүтгэлийнхээ үр дүнг амсан, бусадтайгаа хүчээ нэгтгэн зорилгодоо хүрч, ялалтын баяр хөөрөөр урамшиж мөн түүнчлэн ялагдлын гашууныг хамтын хариуцлагаар ухаажихад өндөр дэмтэй хэмээн боломжийг бий болгоход анхааран хичээнгүйлэн ажилладаг.
Бид одоогоор бэлтгэлийн хоёр талбайтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний нэг нь Монголд анх удаа байгуулагдсан хүйтний улиралд ч хөлбөмбөгөөр хичээллэх боломж бүхий дулаан талбай Эйр дом юм. Энэ нь дөрвөн улирлын турш тасралтгүй хөлбөмбөгийн бэлтгэл сургуулилтыг хангах, үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгосон юм. Улмаар хүүхдийн зургаагаас дээш бүх насны ангилалд сургалт хичээллүүлдэг бөгөөд албан ёсны лицензтэй мэргэжлийн дотоод болон гадаад багш дасгалжуулагч нар ажилладаг.
Манай клубийн тамирчид Монголын хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээн уралдаануудад өндөр амжилттай оролцдог төдийгүй бид олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд өрсөлдөх чадвартай монгол хөлбөмбөгчинг төрүүлэх зорилготой ажиллаж байна.
Мөн бид 2010 оноос өөрсдийн Дэрэн цом тэмцээнийг жил бүр амжилттай зохион байгуулсаар ирлээ. Тус тэмцээнд манай клубийн хүүхэд багачуудаас гадна дотоод болон гадаадын мэргэжлийн клубуудын өсвөрийн багууд оролцдогоороо онцлог юм.
Бид хичээллэгч хүүхэд багачууд болон тамирчдаа мэргэжлийн хувцас, хэрэглэл, техник тоног төхөөрөмж, хөнгөн зуушаар хангахаас гадна халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн ажиллахыг эрхэмлэдэг.
Хөл бөмбөгийн спорт нь аливаа хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна багаар ажиллах чадвар , өөрийгөө илэрхийлэх болон бусдыг хүндлэх , цаг баримтлах , богино хугацаанд түргэн сэтгэж , оновчтой шийдвэр гаргах , хөдөлгөөний дутагдлаас сэргийлж , найз нөхөдтэй , зөв дадал зуршилтай болох гэхчилэн олон сайн үр дагавартай төдийгүй хамгийн гол нь энэхүү спортоор дамжуулж баяр баясал мэдэрч , өөрийгөө танин , ирээдүйн зорилгоо тодорхойлоход чухал нөлөөтэй юм.